Нүүр >> Медиа >> Мэдээ >> Моннис Групп шилдэг 20 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо
2012.10.25

Моннис Групп шилдэг 20 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо

2007 оноос эхлэн Моннис Группын санаачлан хэрэгжүүлсэн Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийн болзлыг хангасан 2012 оны шилдэг 20 оюутанд сургалтын тэтгэлгийн батламж гардуулах ажиллагаа Моннис Цамхагийн 15 давхарт байрлах Аззурро ресторанд боллоо.

Уг тэтгэлэгт хамрагдахаар хүсэлтээ илэрхийлэн 460 гаруй оюутан материалаа ирүүлснээс хөтөлбөрийн болзлын дагуу 3 шатны сонгон шалгаруулалт хийгдэж эдгээр 20 шилдэг оюутныг шалгаруулсан билээ. Шилдэг оюутнуудын голч дүн нь 3,8-4 бөгөөд Монголын тэргүүлэх их дээд сургуулиуд болох МУИС, ШУТИС, СЭЗДС, ХААИС зэрэг сургуулиудад суралцагч нийгмийн идэвхтэй, хошуучлагч оюутан залуус юм.

Энэхүү Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт хамрагдсан оюутан залуустаа Группын компаниудад дипломын дадлага хийх, сургуулиа төгсөөд Моннис Группт ажиллах зэрэг боломжуудыг олгодгоороо тухайн оюутанд илүү их боломжуудыг нээн өгч байна. Ирээдүйн Манлайлагч хөтөлбөрт 2007 оноос хойш 120 гаруй оюутныг хамруулан сургалтын төлбөрийг олгосноос дийлэнх оюутныг ажлын байраар хангасан явдал нь ажил амьдралын гараагаа эхэлж буй оюутан залуусын хувьд хамгийн том хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь сурч боловсрох хүсэл сонирхолтой оюутан залуусынхаа идэвх чармайлт, хөдөлмөрийг үнэлж, дэмжих, эх орныхоо ирээдүйг атгалцах чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчин төрүүлэх явдал юм. “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан шилдэг 20 оюутан залуустаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье

 
Ирээдүйн Манлайлагч 2012 тэтгэлэгт хөтөлбөрийн оны шилдэг 20 оюутанд хандаж Д.Сайнбаярын хэлсэн үг:

Эрхэм хүндэт оюутнууд аа,

Өнөөдөр та бүхэнд баяр хүргэхээр энд зогсож байгаадаа Моннисчууд бид туйлын баяртай байна. Энэ жилийн Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрт ялсан 20 оюутан та бүхэн сурлага хөдөлмөрийн амжилт, нийгмийн төлөө хийж бүтээснээрээ аль хэдийнээ үе тэнгийнхэн дундаа Манлайлагч болсон учраас энд уригдан иржээ.

Та бүхний амжилтаар аав ээж, ах дүү, найз нөхөд, багш нар тань бахархаж байгаатай адил Моннисын хамт олон бид ч маш их бахархаж байна.

Монгол орон хөгжлийнхөө алтан үетэйгээ золгосон гэдэгтэй та бүхэн санал нэгдэх болов уу. Чухамдаа Монголын эзэнт гүрнээс хойш үеийн түүхээ бид эргэн харвал Монголчууд бид хэзээ ч өнөөдөр шиг ийм хөгжлийн өндөрлөгт хүрч байсангүй.

Энэ бол маш онцгой ойлголт мөн бөгөөд тэр утгаараа ч өнөөгийн залуучууд бид маш их азтай хүмүүс юм. Гэхдээ үүнтэй хамт та бидэнд асар том хариуцлага ирж буй гэдгийг хаа хаанаа гүн ухамсарлах ёстой гэж бодном. Нэг ёсондоо ачааны хүндийг үүрэлцэх цаг айсуй.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цаана Моннис группын олон зуун ажилтнуудын сэтгэл, хөдөлмөр шингэсэн, тэдний хамтдаа бий болгосон баялаг, үнэт зүйл бий гэдгийг та бүхэн сайн санаж яваарай. Тэтгэлэг гэдэг нь зүгээр ч нэг шагнал бус харин маш олон хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, асар их хөдөлмөр шингэж, итгэл хүлээлгэсэн бамбар юм.

Ирээдүйн Манлайлагч хөтөлбөрт ялсанаар сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг хүлээн авахаас гадна та бүхэнд Моннис группын ах эгч нарынхаа дунд дипломын дадлага хийх, тэднээс суралцах, сургуулиа төгсөөд тус компанид ажиллах зэрэг боломжууд нээлттэй болж байна. Энэ боломжийг дээд зэргээр ашиглахыг хичээгээрэй.

Моннис группын уриа бол Creating value буюу Үнэ цэнэ, баялгийг бүтээх тухай юм. Иймд та бүхэн өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өөрийн сонгосон салбартаа байнга шинэ үнэ цэнэ, баялагийг бүтээж, улмаар эх орныхоо хөгжлийн их хөдөлгүүрийн үнэ цэнэтэй эд эс нь болно гэдэгт би эргэлзэxгүй байна.

Нөгөөтэйгүүр гэр бүл, найз нөхөд, ажлын байр, нийгмийн дунд ямагт МАНЛАЙЛАГЧ байж, өндөр ёс суртахуунтай, орчин үеийн Монгол улсын идэвхитэй, хариуцлагатай иргэн болж төлөвших нь Монгол залуучууд бидний нийтлэг хүсэл эрмэлзэл мөн.

Үгийнхээ эцэст нэгэн агуу хүний хэлсэн үгийг давтаж залуус та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа. Мэдээллийн технологийн салбарт дэлхийн хэмжээний Манлайлагч болж чадсан Стив Жобс "Stay hungry Stay foolish" буюу "Өлсгөлөн хэвээр бай, Мулгуу хэвээр бай" гэж хэлжээ. Нэг ёсондоо залуус та биднийг эрдэм мэдлэгийн оргил өөд цаг үргэлж мулгуу мэт чармайж, хийж бүтээхийн төлөө ямагт өлсгөлөн байхыг тэр сануулжээ.

Ингээд та бүхэнд халуун баяр хүргэхийн ялдамд эрдэм ном, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! Анхаарал тавьсанд баярлалаа.


Д.Сайнбаяр
Эрчим хүч хариуцсан дэд захирал
Бизнес хөгжлийн ерөнхий менежер
Моннис Групп - 2012.10.25 - Моннис цамхаг, 15 давхар


  


Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад